Клубт бүртгүүлэх үү?
Илүү хөгжүүлж, чадварыг нэмэгдүүлэхэд тогтмол бэлтгэл хэрэгтэй
Хүүхэд бүр ээж аавдаа үнэт эрдэнэ байдаг
Тэрхүү үнэт эрдэнэ мэт хүүхдийн дотоод авъяас чадварыг илрүүлж, хөгжүүлэхэд багш, эцэг эх, найз нөхөд болон сургууль зэрэг бүх талын оролцоо маш чухал. Бидний хайж буй эрдэнэ бол хөлбөмбөгийн авъяас, чадвар, хүсэл тэмүүлэлтэй монгол хүүхдүүд билээ.
Дэлхийн топ спорт хөлбөмбөгөөр хичээллэж өссөн хүүхэд бусад бүх төрлийн спортоор хичээллэх чадвартай болж өсдөг нь энэхүү спортын гайхамшиг юм. Өөрөөр хэлбэл бүх спортын үндэс хөнгөн атлетикийн спортын дараа орох суурь спорт билээ.
Бидний сургалтын баримталдаг зарчим бол хүүхэд бүрийн харилцан адилгүй чадварыг хүлээн зөвшөөрч өнөөдөр байгаа түвшингээс нь тогтмол ахиулж байх зарчим юм. Хөлбөмбөгийн сургалтын онцлог нь хүүхэд бүр аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн суралцдаг явдал.
Бусдаас илүү хурдан, илүү мэдрэмжтэй, илүү туршлагатай болохын тулд тууштай бэлтгэл, өөрийгөө сайжруулах чин сэтгэл, дасгал бүрийг олон дахин давтаж хийх сэтгэлийн тэвчээр зэрэг нь хамгийн чухал.
Манай клубын хүүхдийн хөлбөмбөгийн сургалт нь бөмбөг эзэмших чадварыг суулгахад түлхүү анхаарч, тоглолтын зөв хэмнэл, дадалтай болоход нь чиглүүлдэг. Нэг хөл дээрээ тэнцвэрээ олж нөгөө хөлөөрөө бөмбөг удирдах чадвар нь олон удаагийн дасгалын давталт, өөрийн дотоод мэдрэмж, харааны хурд зэрэг олон нарийн анхаарал шаарддаг тул эхэндээ маш хэцүү байдаг. Гэвч шилдэг хөлбөмбөгчид бүгд хүлээн зөвшөөрсөн амжилтад хүргэдэг нэг л үнэн бий. Энэ бол олон удаагийн давтамжтай дасгал сургуулилтыг чин сэтгэлээсээ хийх явдал юм.
Тиймээс өөртөө итгэ, тууштай зүтгэ, багшийн зааврыг сонс, мэдрэмжээ дага.
Сайн тамирчны замнал нь эхлээд клубын тамирчиддаа хүлээн зөвшөөрөгдөнө, Хотдоо шилдэг нь болно, Улсдаа түрүүлэх гэх мэтээр шат дарааллан тодрон гарч ирдэг.